1. Орон сууцны барилгын орчны тохижилт хийх, засварлах ажлыг хэн хариуцах вэ?

– Барилга байгууламжийн ашиглалтын явцад орон сууц ны орчны тохижилтын засвар, арчлалтыг тогтмол хийж, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж, бусдад саад учруулахгүй байх үүргийг барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч хүлээнэ.

2. Гадна тохижилтын ажилд ямар ажлууд хамаарах вэ?

– Барилга байгууламжийн гадна талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагаа гэнэ. /Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25/

3. Тухайн орон сууцны зөвшөөрөлтэй эсэхийг яаж мэдэх боломжтой байдаг вэ?

– Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй эсэхийг Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлагаас /Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/ мэдэх боломжтой.

4. Манай байр их чийгтээд, цонх цантаад, хананых нь шохой хууларч унаад байх юм. Юунаас болоод ингэж чийгтдэг юм бол?

– Ерөнхийдөө, орон сууцны чийгшилт нь тухайн байрны агааржуулалтын системээс ихээхэн хамаардаг. Танай байрны агааржуулалтын систем муу ажиллаж байгаа буюу огт агаар сорохгүй байгаа тохиолдолд танай байранд бий болсон уур, хий, халуун агаар (хоол, цай хийх үед гарах уур г.м) гадагшилж чадахгүйн улмаас дараах асуудлууд үүснэ. Ийм учраас тухайн байрны СӨХ болон бусад холбогдох газарт энэ талаар даруй мэдэгдэх нь зөв юм.

5. Би хувиараа Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт өөрийн эзэмшлийн газарт амины орон сууц бариулахаар зураг төсөл хийлгэж байгаа тул зураг төслийг магадлалаар заавал оруулах шаардлагатай юу?

– Таны барих барилга нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн ангилалд хамаарах бөгөөд заавал магадлал хийлгэх шаардлагагүй. Та хүсэлт гаргавал барилгын  зураг төсөлд магадлал хийж болно.

6. Орон сууцны агааржуулалтын систем хэвийн ажиллагаатай эсэхийг хэрхэн мэдэх вэ?

– Орон сууцны агааржуулалтын системийг шалгах их энгийн арга байдаг. Та тухайн байрны агааржуулалтын хоолой дээр энгийн дэвтрийн хэмжээтэй жижиг цаас тавиад үзэх хэрэгтэй. Хэвийн ажиллагаатай агааржуулалтын систем гэр доторх агаар, утаа, уурыг сордог учраас таны тавьсан цаас цаашаагаа сорогдох буюу торонд нь тээглэн тогтож үлдэх ёстой. Хэрэв сорогдохгүй буюу үлээгдэж байвал, тухайн орон сууцны агааржуулалтын систем доголдолтой байна гэсэн үг.