Манай зарим иргэд туршлагагүй, мэдээлэл муутайгаасаа болоод байраа худалдах, түрээслүүлэхдээ дараах алдаануудыг гарган цаг хугацаа, хөрөнгө хүч алдах нь бий. Та энэхүү нийтлэлийг уншсанаар тэдгээр хүмүүсийг алдааг давтахгүй байж, байраа хурдан хугацаанд борлуулна гэдэгт бид итгэж байна.

Байраа түрээслүүлэх, худалдахдаа гаргадаг зарим алдаанууд

  1. Байрны үнээ дам сонсон тогтоох. Ганц хоёрхон хүн рүү утасдсан болчихоод “Манай энэ хавийнхан манайх шиг байраа …. гэж дуугарч байна лээ” гээд хөдөлдөггүй хүмүүс цөөнгүй. Ялангуяа манайхан шиг эхлээд үнэтэй дуугардаг хүмүүсийн үгээр үнэ хийх нь өрөөсгөл юм. Уг нь байрныхаа бодит үнийг мэдэх тийм хэцүү биш. Мэргэжлийн хүмүүст хандахад тэд дор нь хэлээд өгдөг. Заавал өөрөө үнийг нь тогтоомоор байгаа бол та дор хаяж 5 жишээ үнэ цуглуулах хэрэгтэй бөгөөд тэдгээр байр нь байршил, шинэ хуучин, хэмжээ зэрэг голлох үзүүлэлтээрээ таны байртай ойролцоо эсэх, эзэд нь үнэхээр худалдах доод үнээ хэлж байгаа эсэхийг сайн нягтлаарай.
  2. Бодит байдлыг олж харахгүй байх. Хүмүүс байрандаа удаан амьдарч дассан байдаг болохоор байрныхаа дутагдлуудыг тоохгүй байх юмуу тэдгээрийг олж хэлсэн хүнд дургүй байдаг. Сонирхогч хүнийг харсаар байтал тийм бишээ гэж зүтгэхийн оронд байрныхаа сул талыг давуу тал болгон хэлэх, эсвэл яаж шийдэхийг нь хэлж өгвөл илүү үр дүнтэй. Жишээлбэл, танай байр доороо машины зогсоол муутай байх юм бол нэг талаар машины чимээ шуугиан багатай амар байдаг юмаа гэж хэлбэл зүйтэй.
  3. Өөрийн хүсэлд нийцүүлэх гэж оролдох. “Би байраа томруулж байгаа юмаа, авах байр маань их үнэтэй. Тийм болохоор байраа …-с буулгамааргүй байна”, “Би гадаад явах гээд мөнгө хэрэгтэй байнаа, тиймээс …-д л өгнө” гэх хүмүүс бас таардаг. Тэдний байраа зарчихаад дараа хаашаа явах, ямар байр авах нь үнэндээ худалдан авагчид хамаагүй шүү дээ. Ингэж ганцхан өөрийн өнцгөөс харахаас илүү одоо худалдан авах, түрээслэх хүмүүсийн хандлага ямар байна, үнэ ханш нь ямархуу байна гэдгийг судалбал таны байр хурдан борлогдох магадлалтай.
  4. Амаараа авна гэсэн хүнд итгэж цаг алддаг. Таны байрыг авна аа, түрээсэлнэ ээ гэчихээд алга болдог, манай байрыг нэг хүн авна гэсээн гээд хүлээгээд суучихдаг хүмүүстэй бид байнга таардаг. Хоосон үгэнд итгэж найдна гэдэг өндөр эрсдэлтэй. Хэрвээ тэгж хэлэх юм бол барьцаа мөнгө тавиулах ч юмуу ямар нэг байдлаар баталгаа гаргуулах хэрэгтэй.
  5. Татварын талаар ойлголтгүй байдаг. Үл хөдлөх хөрөнгөө худалдаж буй хүн 2%-ийн, түрээслүүлж буй хувь хүн 10%-ийн орлогын татвар төлөх хуультайг (Хувь хүний орлогын албан татварын тухай хууль) зарим хүн мэддэггүйгээсээ байрныхаа үнийг тогтоохдоо үүнийг тооцдоггүй. Ингэж явсаар гэрээ хэлцэл, гарын үсэг болох үед сая л мэдэж баахан үл ойлголцол үүсэх нь бий. Ерөөс үл хөдлөх хөрөнгийн арилжаанд оролцоно гэдэг бол аль аль талаас тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл, тооцоо судалгаа шаарддаг гэдгийг анхаарууштай.
  6. Зээлээр авъя гэсэн хүнд байраа худалдах сонирхолгүй байдаг. Гэвч нийт худалдан авагчдын 70-с доошгүй % нь орон сууцыг зээлээр авдаг судалгаа бий. Тэгэхээр, бэлэн мөнгөтэй хүнд өгнө гээд, хандсан 10 хүн тутмын 7-г нь явуулчихаад байх юм бол хугацаа алдах магадлал өндөр. Одоо үед банкны зээл 7-10 хоногийн дотор л гарчихдаг болсон болохоор  сонирхогч хүнээ болон зээлийнх нь бүрдүүлэлтийг сайн судалж байж хариу өгч байгаарай.
  7. Тохирсон үнээр нь хурдан түрээслүүлэхийн оронд өндөр үнэ тогтоож цаг их алддаг. Энэ бол хүмүүсийн байраа түрээслүүлэхдээ гаргадаг хамгийн түгээмэл алдаа юм. Зах зээлийнх нь үнэ сарын  1 саятай байгаа байрыг 1.2 саяар түрээслүүлэх гэж гүрийсээр 2 сар болчихдог. 1.2 саяар 1 жил түрээслүүлэхэд зөрүү нь 12 х 200,000 = 2.4 сая боловч 2 сар хүлээн 2 сая төгрөгөө алдсан болохоор ямар ч ялгаагүй болчихож байгаа юм. Ер нь зарах ч тэр, түрээслүүлэх ч тэр, аливаа орон сууц борлогдохгүй удах тусмаа борлогдох магадлал нь улам буурдгийг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд андахгүй.
  8. Түрээслэх хүнд хэт өндөр шалгуурууд тавьдаг. Бүх л талаараа санаанд нийцэх төгс байр худалдаж авах хэцүү байдаг шиг төгс түрээслэгчийг олно гэдэг тун амаргүй. Үнэ нь боломжийн байгаад байдаг, гэтэл жишээлбэл, ганц бие Япон юмуу Герман, 6 сараар төлбөр төлөх хүнд л түрээслүүлнэ гээд цаг алдах хүмүүс бишгүй таардаг. Гол гол шаардлагыг чинь хангаж байвал бусад нь яах вэ, гэрээгээр зохицуулчихаж болно шүү дээ.
  9. Гэрээн дээр ач холбогдол бага өгдөг. Байр түрээслүүлэхэд гэрээ маш чухал үүрэгтэй. Төлбөрөө хугацаа хэтрүүлж юмуу дутуу төлөх, байрны эд хогшил, тавилгыг сүйтгэх, элдвийн хүн амьтан цуглуулах, байрнаас нь гарч өгөхгүй байх зэрэг эрсдэл их болохоор аргагүй ч юм. Тиймээс түрээслэх, түрээслүүлэх гэрээг дэлгэрэнгүй байдлаар, хууль ёсны дагуу хийх хэрэгтэй. Ингэж чадвал дараа нь ямарваа асуудал үүссэн ч гэрээгээ барин, хууль хяналтын байгууллагаар шийдүүлэхэд амар байдаг.
  10. Барьцаа мөнгө авдаггүй. Ихэнх улсад байраа түрээслүүлэхдээ заавал барьцаа мөнгө авдаг. Барьцаа мөнгө нь дээр дурдсан эрсдэлүүдээс байрны эзнийг хамгаалах зорилготой юм. Барьцаа мөнгө авсан бол төлбөрийг заавал бөөндөж авах шаардлагагүй болно, ер нь барьцаа+гэрээ байхад бусад эрсдэлүүдээс айх хэрэггүй болно.
  11. Заавал өөрөө хийх гээд л үзээд байх. Зарим хүн цаг зав багатай, туршлага муутай хэр нь байраа өөрөө борлуулах гээд зүтгэсээр байх нь бий. Байр орон сууцаа борлуулна гэдэг бол зүгээр нэг гурил талх биш амьдралын баталгаа болсон үнэ цэнэтэй зүйлээ борлуулж буй хэрэг тул та хариуцлагатай хандаж, мэргэжлийн компанийн туслалцааг авах нь үр дүнтэй. Энэ бол хувиараа зарж чадахгүй байгаа гутлаа их дэлгүүрийн лангуун дээр тавиулж байна гэсэн үг юм. Ингэснээр энэ завгүй нийгэмд та цаг хугацаа, хөрөнгө мөнгө, стрессээ  барах шаардлагагүй болно.