Хүн бүр л дулаахан тохитой орон сууцанд амьдрахыг хүсэх нь мэдээж. Гэвч орон сууц ны урьдчилгаа мөн төлбөрийн баталгаа гээд толгой эргэм олон зүйлсийн талаар мэдээ мэдээллийг хэрхэн, хаанаас, яаж авах учраа олохгүй явна уу?
Танд орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх 5 аргын талаар хуваалцах гэж байна.
1. ЦАЛИНГИЙН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ
Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа бол хуримтлал үүсгэж чаддаггүй. Өдөр тутмын зардал, тогтмол зардалд маань бүх орлого маань яг таардаг гэж ихэнх хүмүүс хэлдэг. Хэрвээ та өөрийн гэсэн орон сууцтай болохыг үнэхээр хүсч л байгаа бол хуримтлал заавал үүсгэх хэрэгтэй. Орон сууцтай болох эсвэл хувиараа бизнес эрхлэх гээд аль ч байсан хуримтлал гол чухал зүйлсийг нэг. Тиймээс бага багаар хуримтлуул. Аль болох богино хугацаатай өндөр хүүтэй банканд хийгээд хугацаа нь дуусах хүртэл авахгүй гэсэн хатуу баримтлалыг өөртөө болон гэр бүлдээ тавь.
Сар бүр боломжтой бол 7 хоног бүр бага багаар тэрхүү хадгаламж руугаа мөнгө хийх хэрэгтэй. Энэ нь таныг өдөр бүр банканд оочирлон байж хий гэсэн үг огт биш. Интернет банк ашиглан хадгаламжийнхаа данс руу шилжүүлж хэвших хэрэгтэй. Эсвэл цалингийн хуримтлал үүсгэж болно. Цалингийн хуримтлал гэдэг нь та өөрийн цалинг хүлээн авдаг банкандаа очин хугацаатай хадгаламж нээлгэн сар бүр тогтмол, автоматаар цалингийн картаас тань хадгаламж руу тодорхой мөнгөн дүнг шилжүүлж байхаар тохирч болно.
2. УРЬДЧИЛГААГАА УРЬДЧИЛАН ХУРИМТЛУУЛАХ
Энэ бол зарим орон сууцны хотхонуудын хүмүүст санал болгодог маш таатай нөхцөл. Ашиглалтад орж амжаагүй орон сууцыг дуусах хүртэл сонгосон байрныхаа урьдчилгааг ямар ч хүүгийн төлбөргүйгээр босгох боломжийг олгодог. Тодруулбал таны одоо бүрдүүлсэн хуримтлал тань байрны урьдчилгааг өгөхөд хүрэлцэхгүй байгаа бол ашиглалтад орж амжаагүй байрнаас сонголтоо хийн орон сууцыг эзэмшигч байгууллагатай гэрээ хийн урьдчилгаагаа ашиглалтад орох хүртлээ бага багаар нөхөн төлөх зарчмаар байртай болох боломжтой юм.
3. БАРТЕР ХИЙХ
Хэрвээ та болон танай гэр бүлд худалдан борлуулах сонирхолтой үл хөдлөх хөрөнгө /хашаа байшин/, автомашин мөн түргэн борлогдох боломжтой эд зүйл байгаа бол орон сууц эзэмшигч байгууллагатай байрны урьдчилгаанд тооцуулах, бартер хийх боломжтой. Энд анхаарах зүйл нь та өөрийн болон гэр бүлийн эд хөрөнгийг зах зээлийн бодит ханшаар үнэлэн тухайн байгууллагад санал болгож байж шинэ орон сууцны урьдчилгаанд тооцох эсэх шийдвэр гаргадаг.
4. БАРИЛГЫН ТҮҮХИЙН ЭДИЙН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
Барилгын материалын худалдаачин, барилгын засал чимэглэл хийдэг компанийн ажилчид энэхүү боломжийг ашиглавал хамгийн тохиромжтой. Орон сууцны эзэмшигчидтэй гэрээ байгуулан орон сууцны хотхонд хөдөлмөрөө нийлүүлэн орон сууцтай болох боломжтой. Барилгын материал нийлүүлдэг бол материалынхаа үнийн дүнд, засал чимэглэл хийдэг бол хөдөлмөрийн үр шимд байртай болно гэсэн үг юм.
5. ОДООГИЙН ОРОН СУУЦАА БАРЬЦААНД ТАВИАД БАНКНААС ЗЭЭЛ АВАХ
Хэрвээ таны одоогийн орон сууц байршил муутай, жижиг хэмжээтэй, хүйтэн чийгтэй, хуучирсан бол шинэ байранд орох цаг болжээ. Шинэ орон сууцны хотхонууд улам хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүний тайван амар амгалан аж төрөх нөхцөл боломж бололцоог бүрэн хангахад анхаарах болсон нь маш таатай. Та заавал шинэ орон сууцанд орохын тулд өөрөө зарах гэж оролдож цаг заваа үрэхийн оронд банканд барьцаанд тавин шинэ байрны 100 хувийн зээлд хамрагдах боломжтой аж.