Шинэ жилийн хүлээн авалтын хамгийн шилдэг ресторануудыг энд дарж харна уу
Шинэ жилийн баяр нь он тооллын цагалбарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр юм. Ямар цагалбар хэрэглэж буйгаас шалтгаалан шинэ жилийн баяр нь орон бүрт ижил байдаггүй ч дэлхийн ихэнх улс оронд Григорийн тооллын эхний өдөр буюу 1-р сарын 1-нд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг.
Энэхүү нийтлэлээрээ бид та бүхэндээ шинэ жилийн баяр хэзээнээс эхэлсэн хаана хаана дэлгэрсэн талаар өгүүлэх билээ.
Шинэ жилийг гуравдугаар сарын 01-нд тэмдэглэдэг байжээ
Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын 01-нд тэмдэглэдэг байсан байна. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 01-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас тэр аж.
Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллогоор тоолж нэгдүгээр сарын 1-нээс болгосон юм байна. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Харин Азид шинэ жилийн баяр хамгийн сүүлд дэлгэрсэн гэдэг.
Шинэ жилийн гацуур мод
Европын орнуудад зул сарын гацуурыг 12 сарын 25-нд засдаг. Гацуурыг хүссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд од тогтоодог. Шинэ жилийн модыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлэг тэмдгээ болгодог байжээ.
Монголын шинэ жил Оросоос үүдэлтэй
Монголчууд орос “ах” нараасаа их олон юмыг уламжлан авч үлдсэн. Тэгвэл шинэ он солигдох энэ баярыг ч мөн Оросуудын уламжлалын дагуу хийж сурчээ. Оросууд шинэ жилийг гэр бүлийн баяр хэмээн тэмдэглэж, ширээ тойрон суугаад, он солигдох мөчид оргилуун дарс буудуулан, хундага тулган халуун дулаан үг бие биедээ харамгүй хэлж угтдаг.
Мөн улсын Ерөнхийлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар хуучин он, нийгэм, улс төрийн амжилт бүтээлийг дүгнэн, сайн сайхныг ерөөж мэндчилгээ дэвшүүлдэг билээ. Монголчууд яг энэ жишгээр шинэ жилээ тэмдэглэж, шинэ оноо угтаж ирсэн түүхтэй юм.
Санта Клаусын түүх
Шинэ жилийн хамгийн чухал зочин бол ” Өвлийн өвгөн ” билээ. Нийтлэг нэр нь Санта Клаус. Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог IV зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Тэрбээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг байсан аж.