Шинээр орон сууц худалдаж авна гэдэг амаргүй ажил. Багагүй хөрөнгө зарж байж өөрийн амьдрах орчинг бүрдүүлэх учир шинэ байр худалдаж авахдаа нэлээн хянамгай хандаж шийдвэрээ гаргах хэрэгтэй байдаг. Харин та бид шинэ байр худалдан авахдаа тухайн захиалагч, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан бичиг баримтуудыг тэр бүр шалгаад байдаггүй.
Тэгвэл та дараах зүйлүүдийг заавал анхаарч шалгах хэрэгтэй байдаг байна.
- Газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх.
- Техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаас авсан эсэх.
- Барилгын зураг төслийг батлагдсан зургийн даалгаврын дагуу боловсруулсан байдал.
- Хуулийн дагуу зураг төсөлд бүрэн магадлал хийгдсэн эсэх.
- Гаргасан дүгнэлтүүдтэй танилцах.
- Барилга угсралтын ажлаа эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх.
- Барилга угсралтын ажлын чанар байдлын талаар зураг төслийн зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагаас албан ёсоор өгсөн дүгнэлт, албан шаардлага, санал, зөвлөмж гарсан эсэхийг тодруулах, байгаа бол түүнтэй нарийвлан танилцах.
- Захиалагч, гүйцэтгэгчийн эдийн засгийн чадамж, дадлага, туршлага зэргийг нарийвчлан судалж мэдсэн байх.
- Гүйцэтгэгч, захиалагч байгууллагын өр, авлагын тухай ерөнхий мэдээллийг харъяа татварын албанаас лавлах.
- Мөн өөрийн ах дүүгийн болон найз нөхдийн хүрээн дэх барилгын мэргэжилтэй хүнийг газар дээр нь ирүүлж, үзүүлж харуулан мэргэжлийн зөвлөгөө, тусламж авах.
Гэрээ байгуулахдаа …
- Орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа албан ёсны захиалагчийг тогтоож, зөвхөн түүнтэй гэрээ байгуулах.
- Гэрээ байгуулахдаа захиалагчийн санал болгож буй гэрээний төслийн заалтуудыг судалж, гэрээлэгч талуудын эрх адил тэнцүү хадгалагдаж байгаа эсэх, хүлээх хариуцлага аль хир тодорхой тусгагдсан зэрэгтэй танилцан гэрээнд нэмэлт оруулах шаардлагатай эсэхээ шийдэх.
- Тухайн барилгыг барьж байх явцад буюу дотор ханын өрлөг өрөгдөх үед зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгчийг байлцуулан хэмжилт хийж, гэрээнд заасан талбайн хэмжээг баталгаажуулж авах.
- Та баригдаж байгаа барилгаас орон сууц худалдан авахаар захиалагчтай гэрээ байгуулсан бол барилгын ажлын явц, чанар байдалд хяналт тавих. Шаардлагатай гэж үзвэл энэ эрх, үүргээ зураг төсөл зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.
- Барилгад хэрэглэж байгаа материал, хийц, бүтээцийн чанар зураг төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаж байгаа эсэх дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг шаардаж үзэх.
- Барилгыг ашиглалтад өгөхийн өмнө тухайн барилгын талаарх өөрийн санал, дүгнэлтээ барилга хүлээж авахад оролцдог холбогдох байгууллагуудад хүргүүлж арга хэмжээ авахуулах.
- Улсын хүлээж аваагүй буюу комисс ажилласан ч акт баталгаажаагүй байхад захиалагчийн шахалт, хүсэлтээр орон сууцандаа орохгүй байх.
- Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах тохиолдолд эхний ээлжинд барилгыг хүлээж авсан тухай улсын комиссын актыг эх хувиар нь үзэх.